Saturday, May 30, 2009

Тооноор тольдогч сүүлт

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Дэлхийн ертөнцийн оршин тогтох нэгэн гайхамшиг нь улиран өнгөрөх цаг хугацаа, халин тэлэх орон зай, давшин- эргэлдэх хөдөлгөөн буюу. Сүн далайг шалбааг, Сүмбэр уулыг дов байхаас хүн гэж нэршсэн элэнц хуланц маань сургамж баян түүхнээ мөнхрөн үлдэх үйлс явцдаа алдаж онож, уруудаж дэвшсэн нь тоолшгүй.

Эсгий туургат монгол аймаг маань билгийн тоолол баримтлан ажил амьдралаа зохицуулан, үр сад юугаан бойжуулж, амьдралын аварга их давлагаанд, түүхийн хүчит их шуурганд өртөн уулзалж учрахын баяр эдэлж, хагацан салахын эмгэнэлд шаналж эрт урьд элэнц хуланцаа яаж явсныг дурсан санаж иржээ. Он цагийн хуанлийн дөрөвдүгээр жарны улаан морин жилийн зуны адаг сарын нэгэн өдрийн явдлаас толилуулан энэхүү бяцхан түүхийг эхлэн өгүүлсүгэй.
Энэ өдөр орчлонгийн мянга түмэн өдрөөс ялгах юм юмгүй жирийн нэгэн байсныг тайлбарлах юун. Дээр тэнгэр хүнхийн цэнхэртэнэ. Зуны аагим халуунд бүлээссэн агаар ирвэлзэн чичигнэнэ. Тэртээд харагдах хан уулын хөвч ой хүглийн цэнхэртэж, сэтгэл сэргэнэ. Их уулын ар хормой дагаж шим шүүс ихтэй ногоон хөндий үргэлжлэх ба навч цэцгэн дунд нь хэд хэдэн гэр айлсан саахалт саахалтаараа буужээ. Мал сүрэг нь хойд уулын энгэрийг цоохортуулан бэлчиж ялаа шумуулаас залхан, сэрүүн салхи эгээрэх бололтой.

Уулын хөндийд тахирлан урсах цэнгэг голын сайран дээр байргашин борогшсон гурван хүүхэд жараахай шүүрдэн ус цацлан туулж хөхрөлдөн шуугилдацгааж байна. Голын эргийн ногоон ширгээр голионы сийгэлт, үхрийн хүр хүр ногоо зулгаахаас өөр чимээ аниргүй. Халуун өдөр голын эрэгт амьсгаа тавигдаж, чийг замаг үнэртэх аж. Тэдний хөхрөлдөх дуунаас хоёр нь хүү, нэг нь охин болох нь лавтай мэдэгдэнэ. Үсээ тайруулаагүй удсан хөрслөг чийрэг хүү ёрог бөс өмдөө халхалзуулан, жирэлзэн урсах голыг хөндлөн гулд туучин, том бул чулууг өргөх маягтай болгоомжтой оролдоно. Нэлээд чинээлэг хүний хүү болов уу гэлтэй Бухарын нарийн цагаан даавуу өмдтэй, сахал ургахын ором дөнгөж хүрэнтэсхийн эрийн бяд суухчаан болж яваа зоримог царайт, дүрсгүй нүдэт хүү голын ёроолын хайрга чулуунд эмзэглэн бөгцөгнөн алхаж, хөрслөг бор царайтын сөхсөн чулуун доогуур гараа хийж могой жараахай барихаар тэмтэрнэ. Хэт болгоомжгүй унтах гэнэхэн могой жараахайг амжиж хааяа атгавал баярлан хашгирч, тэр хоёроос салах гүй дагах өндөр зэгзгэр охиныг айлган гарт нь атгуулахыг завдана. Цаадах нь эмээсхийн гараа саачин ухарч урт нарийхан хөлөөрөө ус цацан хоёр хүүг эс ойртуулах ажээ.

— Ойгон! Ганц удаа атгаад үз л дээ! Юунаас нь айж бусгана вэ?
— Тэг тэг, Ойгон чи атгаад үз! Замагтай чулуу шиг гөлчигнөхөөс өөрцгүй. Чиний атгасныг би амьдаар нь залгиж үзүүлье гэж тэр хоерыг цачрах уснаас буруулан
хөгжилтэйгөөр хашхиралдахад,
— Яршиг яршиг, Усны хорхой мэлхийнээс өөрцгүй л биз гэж урт хонгор үсээ хойш нь хаяж сүртэлзэн эрхэлнэ.
Нөгөө хүү гэнэт үсрэн ойртож, жараахайтай гараа Ойгон охины нүүр өөд дөхүүлэв.
— Аа! Болиоч! Аавд хэлнэ шүү гээд гэдрэгээ гишгэн
чулуунд халтиран усанд унав. Нөгөө хүү ч мөн биеэ тэнцүүлж чадалгүй гулсаж усанд ойчлоо. Сандран
боссон хоёрын нойтон үснээс ус савирна. Бие биесээшоолон хөхөрцгөөх зуур хоёр хүү,
— Чамаас л болж жараахайгаа алдлаа гэж хашхиралдацгаахад Ойгон нүүрнийхээ усыг шувтраад,
— Болж болж. Амьтан зовоогоод байсан юм. Одоо дахин бүү баригдаасай гэж санаа нь амарсан шинжтэйтавлан өгүүлэв.

Нөгөө хоёр хүү Ойгон охины нойтон цамц нэвт гэрэлтэх чилгэр бие, чийрэг гуяыг хулгай нүдээр битүүхэн ажсандаа баахав эвгүйцэж,
— За дахиад барья. Дахиад барьвал Ойгоны ар нуруунд хийнэ шүү гэж хөхрөлдөн үдийн хурц наран дайран гялбалзах боргионы зүг чиглэв. Ойгон тэр хоёрын түрүүчийн харц бишдэхийг мэдэрч, хойноос нь гайхан харж нэгийг бодолхийлэн зогссоноо голын эрэг уруу гарч наранд халсан чулуун дээр цамцаа хатаахаар хэвтэв.

Тэрбээр өөдөө харж нүдээ анивал нарны гэрэл зовхийг нь нэвт ээж ягаан улаан бөөмс төгрөглөнө. Бяцхан зүүрмэглэснээ өндийж нөгөө хоёр хүүг харахад боргионы цагаан хөөсөн дунд бөгтөгнөн үзэгдэнэ. Хурц наранд гялбан эргэн тойрон гэрэл муутай бүдгэрснээ төдхөн тодорч хэвийн болов.

Хадтай уулын ухаа ягаан хяр дээгүүр сэрийх гачуурын ой, суман дэлтэй ухаа хонгор морины дэл адил үзэгдэхийг сонирхон ажиглаж хэвттэл морин төвөргаөн сонстов.
Өндийвөл баатрын хиа намаг доторх шавартай жалга тойрон үсэргэх нь харагдав. Ойгоныг хармагц морио давиран дөтөлж,
— Дайжушилэгт хаана байна? хэмээн холоос хашхирна. Ойгон гол дотор тоглож байгаа хоёрыг дуудаж,
— Шилэгт Сабраг! Хиарахай дуудаад байна гэж хашгийрав.
Усны чимээнд дуу нь хүрэхгүй, нөгөө хоёр нь ч загас жараахайд хорхойтон бөгцөгнөсөөр байв. Хиарахай голын эрэгт тулж,
— Хүүе! Чихгүй тархинууд гэж дуугаа өндөрсгөн зандарваас сая Дайжушилэгт өндийж хиаг ажиглаад Сабрагийн бөөр уруу нударч,
— Хиарахай ирчихэж. Бас юу болоо вэ гэж харамсангуй дуу гарав.
Тэр хоёр өмднийхөө шуумагнаас ус дуслуулан голын эрэг дээр гарч ирэхэд,
— Бушуул, хувцал! Ноёнтой дуудаж байна. Их өргөөнөөс зар ирж. Сабраг! Чи явж адуугаа уснаас гарга гэж хахирган хоолойгоор тушаасан хиа — Хурдлаарай! гэж давтаад мориндоо ташуур өгч гэрийн зүг цогиулав.

Тэр гурав сая сэхээрэх мэт ухасхийж тэр хавьд элбэг ургах тошлойн бутан дээгүүр дэлгэсэн цамцаа шүрэн авч гутлаа яахран углаж сувгийн цаадтай хантайрч орхисон морьд уруугаа яарцгаав. Дайжушилэгт ялаа шумуулнаас шилгээн тургих буурал хээр үрээнийхээ цулбуурыг сурмагаар хөвөр татан тайлаад шалмаг үсрэн мордож, холдон одсон хиагийн хойноос журдлав. Сабраг шавар усанд хурж сэрүүцэх адуун сүрэг тийш шогшив. Ойгон ногоорон халиурах дов довцогт намгийн цаадтай зээгэлтэн цайвалзах гэр өөдөө дөхөхийн зам нийлэх тул шооч гурвалжин нүдээр үе үе эргэн харж Баянлиг баатрын өргөө зүглэн хөндий уруудан давхиж яваа Дайжушилэгтийг ажиглан Саврагийн хойноос яаралгүй шогшив.
Дайжушилэгтийг уяан дээрээ буухад алаг нүдэт эрхлэнгүй төрхтэй охин тосон очиж,
— Ах хаачаад ирэв? Дахиад л намайг хаяад явчихлаа.
Цуг явъя гэж хэчнээн гуйв даа хэмээн гомдоллон зэмлэлээ. Дайжушиллт морио уяад Нэмүүлэн тийш ирмэн,
— Энэ хойд уулын хавцал дахь арван толгойтой атгаалжин хар мангасыг дарж, урд уулын жалганд хэвтэх индэр чулуун бөгстэй индэрвээ хар мангасыг буулгаад ирлээ. Миний дүү эр хүний явдалд бүү оролц. Ах нь дараа хөөрхөн жижйгхэн хадны мангаа авчирч өгнө. Тэгээд л чамайг надтай анд явж чадах эсэхийг үзнэ дээ гэж шоглон өгүүлээд
— Аав намайг юу гэж сураглав? хэмээн гэрийн зүг дохив.
— Сабраг та хоёрын хийсэн хэргийг эс мэдэх биш. Тарвага зурам гоочлоо биз. Та намайг голж орхих тул аав таныг юу гэж дуудсаныг үл хэлнэ гээд дүү охин нь хэнз хургатайгаа эрхлэхээр хонины хот уруу алхав.
Дайжушилэгт гэрт ороход түүннй эцэг Баянлиг баатар хоймрын бага өр түшин тухалж шуулттай хаяагаар холын бараа ширтэн духаа атируулан бодолхийлж суув. Баянлиг баатар сурвалжит угсаагүй дарлекин* (* Алун гоо хатны үр сад биш гэсэн үг) монгол боловч баруун зүгийн өнгөт нүдтэй, өндөр хамартан улс ардыг монголын их гэр бүлд нэгтгэн амаржуулах дайнд цогтой байлдаж, мянганы ноёны зэрэгт хүрсэн бөгөөд тангадыг номхтгон сөхрүүлэх дайны эцсээр нутагтаа ирж насны хэрээр зүтгэж өтөлсөн хэмээн Чингисийн хүүхдүүдийн баруун зүүн этгээд дэх их бага улсуудыг төвхнүүлэх албанаас хэлтрэн өршөөгдөж, далай их хааны соёрхол хүлээн үлдсэн ноён билээ.

Жил бүрийн шинийн нэгэнд их сангийн хишиг хүртэж тэнгэрлэг их хааны ивгээлд өнийн гавьяаг сурвалжлан сануулж хайрлагдан дотночлогддог хүний нэгэн бөгөөд Хүнүй гол, Улаанчулууны голын бэлчир дэх соёрхлын газрыг эзэмшин, яс тоот зуун эр гаргах ард албатыг хамжуулан амьдран суужээ. Өвгөн ноён мушгиа сахлаа үе үе имрэн гөлрөн сууснаа Дайжушилэгтийг орж ирэхийг анзаарч,
— Өө! Миний хүү! Хүрээд ирэв үү? Одоо бие өсөж эр чадал сууж яваагийн тулд тэнгэрлэг эзэн хаандаа зүтгэх цаг болжээ. Аль болгон гэрийн мухар сахин, ном шагайж, барлаг албат нарын хүүхдүүдтэй модон мунаар хатгалдан эрхлэх билээ. Хуучин цэрэг эгэн ирж шинэ түмтүүд үүсгэх гэж байна. Чи ээждээ тусал.
Эх чинь хуяг дуулгын чинь суран тогтоол муудаж гээд л хэдэн авгай цуглуулчихсан бага гэрт мунгиаж сууна билээ. Дүү чинь бас тэнд байгаа биз гэж өгүүлэв.
Дайжушилэгт хүйтэн айраг залгилж,

— Аав аа! Сабраг бас мордоно биз дээ гэж нүд нь сэргэн асуув.
— Тэгнээ. Миний хүү хийморьтой харагдах чинь ямар тэнгэрийн дор од нь гэрэлтсэн юм бол гэж амандаа шивгэнэв.
Дайжушилэгт Сабрагийг бас цэрэгт мордохыг соисуут дуу алдан шогширч яаран гарав.

Нар уулын толгойд шижиртэн тусаж байхад Баянлиг баатрын гэрийн зүг хэсэг бусаг ардууд зэгэл ногоон шүүдэртэй өвсөн дунд тод мөр зурайлган үлдээж тал бүрээс уван цуван хатируулна. Залуучуудын сайтар зүлгэж өнгөлсөн хөө хуяг, чийг даан хөлөрсөн харагдана. Морьдын тургих, дөрөө харших, тольт хуяг хоорондоо хавиран шаржигнах чимээ бөглүүхэн дуулдаж байв. Өглөө эрт болоод тэрүү хөвгүүд дуу чимээ цөөтэй дүнсийцгээнэ. Гол дагаж буусан өтгөн манан дундаас хүйс хүйс морьтон энд тэндээс гэнэт тодрон гарч цагааран харагдах их гэрийн гадаа дараалан бууж байв. Удалгүй хар молцогтой хөх дарцаг хийсгэсэн гэрийн гадаа нум сум, жад сэлэм агссан өвч хуягт нижгээд хөвгүүд тэднийг дагаж хөгшид өвөгчүүл цугларцгаав.

Тэд амар мэндээ мэдэлцэж ноёны орд хаиар хөлхөнө. Өвөгчүүл маяг маягаар засаж янзалсан сахлаа имрэх нь имэрч, мушгих нь мушгиж хоолойгоо төв болгон засацгааж түмэн өлзий хас тэмдэгт эсгий үүдийг сөхөн ноёны өргөөнд морилцгоов. Гадаа үлдсэн хүүхдүүд нэг нэгийн нум саадаг, зэр зэвсгийг цэгнэн хулгай нүдээр зэрвэс ширвэн ажиглаж өөрийнхтэйгөө жишиж сэтгэл хөөрөн тогтож ядна. Сабраг болон нэлээд олон хүүдийн эцэг дайны талбарт үлдэцгээсэн учир тэднийг дагаж эмс авгай нар цөөнгүй ирсэн байлаа.

Тэд ноёны ордонд морилсонгүй. Хүүхдүүдийнхээ дэргэд цомцойн сууц тэднийг сэтгэл үймсэн уйтгартай нүдээр сэмхэн ширтэнэ. Сабраг эцэг туг нэгэн бүрхэг өглөө Хорезмыг дайлах дайнд мөн л ингэж мордоод салан одсоныг бүүр түүр санах ажгуу. Сабраг эцгийгээ тэр бүр үл үгүйлнэ. Харин ч авилгын өдөр эцгийн гавьяаг мэдэрч бусад жаалуудын өмнө додигорхдог байлаа. Өнөөдрийн тухайд бол цэрэгт мордох гэж ирэхдээ эцгийгээ байхгүйд харуусан ээжийгээ дагуулж ирсэн нусгай бор хүү мэт өөрийгөө үзэж нутгийн залуучуудаас зовсхийн уцаардуухан байв. Гэнэт түүний ард,

— Сабраг. Чи ороод ирэхгүй юунд дүнсийчээ вэ? — Аа Мөнхлүгэн ажаа ирээ юу, яагаад чийгтэй газар сууна вэ?
Бага гэрт орцгооё гэх Дайжушилэгтийн хөгжилтэй дуу сонстов. Мөнхлүгэн авгай цочмогхон эргэж,

— Аа Шилэгт хүү! Ямар сүрхий эр болчхоо вэ? За яах вэ зүгээр зүгээр. Эгч нь эндээ түр ч гэсэн сууж хүүтэйгээ хэдэн үг сольё. Чи ээждээ оч! Одоо удахгүй
хөдөлнө шүү дээ гэв. Данжушилэгт залирхгаар санаа алдаж,

— За эгч ээ! гэснээ Сабрагт хандаж— Цуг эгнэнэ шүү. Битгий алга болчхоорой гэж нүд ирмэн захиад гэрийн зүг мөнгөн тоногтой матигар сэлмээ чирч маадгар алхсаар холдов.
Төдөлгүй уулын цаанаас наран мандав. Ноёны өргөөнөөс өвөгчүүл чихцэлдэн гарч ирцгээв. Тэгтэл алтан эмхрээст ган хуяг гялалзуулж, ууц ташааны хамгаалалтыг мөнгөн товруугаар чимэглэсэн, цайвар торгон халхавч хормойдоо унжуулсан, бууралтаж яваа толгойгоо нэлээд олон дэлдүүлж явсан болов уу гэлтэй хонгойж ёнхойж сэв суусан хар хиуртай мөнгөн дуулга духдуулсхийн өмссөн янхирдуу өвгөн гарч ирэв. Энэ бол Баянлиг баатар байв. Өвч хуягласныг нь харахад танихааргүй болжээ. Нөгөө устсан нүд, чичирхийлсэн гар, аахилж янцагласан овор нь аль хэдийн арилжээ. Тэр гарч ирээд ханхайн гэдийж зэвсэглэсэн хөвгүүдийг хурц нүдээр тойруулан хараад,

— Айгтун! Бишрэгтун! Эцэг Чингисийн алтан ураг, тэнгэр эзэн хаан Гүюгийн албан цэрэгт амийг тань өргөж, алд биенийг таньтушааж байна. Итгэж найдан бариулсан илдийн чинь үзүүр гадагш дотогш хэний эсрэг хандахыг хаан эзэн тану мэдтүгэй. Бүү эргэлзэгтүн! Бүү гуйвагтун! Хаан эзэндээ очигтун Мордоцгоо хевгүүд ээ гэж яльгүй дультран өндөр дуугаар өгүүлмэгц гараа өргөж хөдлөх дохио өгөв.

Төмөр харшилдах чимээ дэгдэж, морин туурай нижигнэж бяцхан үймэлдсэнээ гурав гурваар эгнэн жагсаж хөндий уруудан хөдлөв. Цувааны магнайд ноёны хиа дайны хар хиуртай тугийг дөрөөндөө уллан өндөрт хийсгэн дэргүүлж, үе үе ханхар мөрөө эргүүлэн эгнэн жагссан цувааг тойруулан ажиглаж явав. Сабраг эргэж харав. Ээж нь өргөөний гадна зогтусан хоцорч хүүгийнхээ хойноос турь муутай гараа даллаж, мэгдэж бачимдсан нүдэндээ мэлтэгнэх нулимсаа арчина.

Уруул амаа хий өмөлзүүлэн нэг үг хэлсэн нь олны чимээ шуугианд дарагдаж замхрав. Эхийг нь тулж түших ганц дүү үлдсэнд сэтгэл тавгүйрхэн гэртээ хоргодосхийж дотор нь хүйт даав. Ээжийнхээ оронд адуу малаа харж үлдсэн дүү Жиглэгийг ирээгүйд дотроо бяцхан харамсаж өглөө мордоход нь нойрмог нүдээр бөлтийн ширтэж чанга тэврэн духаа өгснийг нь санан эмээл дээрээ өндийв. Үдэгсдийн тэргүүнд Баянлиг ноёны хатан палдгар бүдүүн Налайган авгай есөн нүдтэй цацлыг өндөр өргөн сүү цацаж зогсоно. Сабраг дэндүү чанга уясан бугуйн толь гар нухахыг мэдэрч өөрийн эрхгүй сэгсрэн эмзэглэж дэргэдээ эгнэх Дайжушилэгтэд,

— Ээж чинь тахил өргөж байна. Хараач! гэж тэр зүг ширтэн алхуулж явснаа — Өнөөдөр удаан аялах болов уу? Хиарахай юм хэлээгүй биз? гэж асуухад Дайжушилэгт ихэл хөөрч нүд нь гялалзан гэрийн хойгуур бөөгнөрөн зогсох охид хүүхнүүд уруу өндөлзөн,
— Юу гэнээ? Хөөе тэр Ойгон, Анхил нарыг хараач.
Анхил бас хөөрхөн болж байна шүү. Өчигдөр Ойгонтой гурвуул тэднийхээр ороод гардаг байж тийм үү? гэж шагширч байв. Дайжушилэгтийн цаана гурваар эгнэн явах аравтын даргын хүү Цоорчигон мөн л охидуудыг шохоорхон ширтэж, I
— Ха! Юу нь хөөрхөн байгаа юм бэ? Дэрс шиг нарийхан юм. Харин Ойгон биелэг хүүхэн болж магадгүй гэж мэдэмхийрэн хошуу нэмэрлэв. Сабраг ягаан ногоон элдэв өнгийн торгон тэрлэг өмсөж гоёсон зэгзгэр гуалаг охидын дундаас Анхил, Ойгон нарыг үзэх гэж жадаа тулан гэдрэг өлийн харсан боловч олсонгүй. Ташаанд зүүлттэй хүнд сэлэм, богц ганзагатай эд агуурс тулж хөшилдөөд олигтой ч эргэж болсонгүй. Жагсаалын магнайд явсан ноёны хиа дөрөөн дээрээ өндийж,

— Хатираад! гэж өндөр дуугаар захирав.
Гэгэл тэдний араас морин төвөргөөн ойртон залуу охид хүүхдүүд давхилдан нэхэж ирэв. Ойгон Анхил нар жагсаал даган давхиж, — Хээ! Шилэгт! Сабраг! гэж гараа даллан үлдэв. Тэднийг овоон дээр гарч цэнхэртэн униартах хөндийг гүйлгэн харахад голио царцаа царгисан замын хажуугийн халиурсан ногоон дунд охид хүүхдүүд мориныхоо амыг татаж үлдэн хоцров. Тэдний дундаас бор морьтой жижиг охин тасран давхиж ирсэн нь ноёны охин Нэмүүлэн ажээ.

— Ах аа! Сайн яваарай! гэж Дайжушилэгтэд үнэ-сүүлээд эргэхдээ Сабраг май үүнийг ав! гэж торгон алчуур атгуулчихаад цагаан царай нь улайж гал бутран ягаарч, мориндоо ташуур өгч даваан дээр үлдсэн охидуудын зүг давхив. Сабраг ахтайгаа адил цагаан царайтай, усгал зөөлөл харцтай тэр жижиг охиныг шохоорхдог боловч ингэнэ гэж санаагүй явсандаа бантаж алчуурыг нь тас атган Дайжушилэгт Цоорчигон хоёр өөд ичингүйрхэн харснаа бушуухан далд хийв. Нум сумаа агсаж жадаа арзайлган өргөж, хуяг дуулгаа гялалзуулсан залуухан дайчид бэл даган хатируулж, монголын нийслэл Хархориныг чиглэв.

Ноёны хиагаар даргалуулсан баг цэрэг хоёр хоног аялсны эцэст Орхоны савд орж ирэв. Дөрөө шүргэм өндөр ургасан өвс морины хэлд хөглөрөн явахад тээртэй ч гэсэн аливаа нөхцөлд хурдан дасдаг монгол морьд алхаа явдлаа тохируулан шогшино. Удалгүй Тэдний өмнө ногооны униар цэнхэрлэсэн өргөн их хөндий харагдсан нь Хархорины хөндий байлаа. Униартай цайвар хөх тэнгэрт шаан туяаг нар гийнэ. Өнгөрөгч шөнийн бороонд байгалийн өнгө сэргэжээ. Чогчоохой, болжмор шувууны жиргэх дуун, морьдын төвөргөөн,
өвсний сүржигнэх чимээтэй өнгө аясан чихнээ чимэгтэй сонстоно. Морины хөл чивхэрч, чийглэг цэвэр агаарт амьсгал нь тэлэгдэх мэт амгайгаа зажлан хурдалсаар байв. Хархорин уруу ойртох тутам хүн мал олширч энд тэнд зуны өргөө орд цайран харагдаж эхлэв.

Хархорины гудамжаар үхэр тэрэг, хасаг тэрэг, морьтой явган хүн олширч нэг нэгэндээ тээглэн зам боож хөшилдөн, есөн хэлтний ярилцах чимээ шуугиан чих дөжрүүлэх бөгөөд зам дээр асгасан өвхөн чулуун хайрга морьдын хөлөөр цацагдан үсэрнэ. Энд тэнд замын хажуугаар явган нүцгэн хүн хашаа даган сууж, гудамд яваа улсыг гөлрөх ба жижиг лангуу зассан үүргийн худалдаачид чадах ядахаараа орилолдон бараагаа зарлан дуудаж худалдаа наймаа хийж харагдана. Худалдаалах хүмүүсийг сайтар ажвал олонх нь монгол бус харь худалдаачин түрэг, уйгур, өнгөт нүдтэнгүүд болох нь мэдэгдэнэ.

Зарим нь хачин этгээд янзаар хувцаслаж, толгой түрүүндээ цагаан даавуугаар ороож, зарим нь үс толгойгоо мөлчийтөл хусаж гялалзуулсан нь сонин. Хот газрын олон цагаан хүүхнүүд гэзэг үсээ санаанд оромгүй сониноор янзалж овойлгон явах бөгөөд, балмагдан гайхширсан залуу цэргүүдийг хулгай нүдээр жоготойхон зэрвэс харчихаад гунхан алхлах нь үзэсгэлэнтэй. Баяд ноёдын харь газраас авчирсан алтан шар үст цэвэрхэн царайтай үзэсгэлэнт татвар авгайчууд хоргой дурдан өмсөж, сувд шүр гялбалзуулан сайхан тэгш шүд яралзуулан инээж, монгол ноёдоо хүндэтгэн харьцаж, ганц нэгээрээ ч бас наймаа эргүүлэн хөлхөх нь дайралдана.

Дархны газрын харанхуй хаалган дээр нүцгэн биен дээрээ булигаар хормогч угласан, үс сахалдаа баригдсан, мажар, польшоос ирсэн болов уу гэж таахаар булиа шар дархан, монгол цэргүүдийг эс тоон наранд зэн бодлогошрон зогсох нь үлгэрт гардаг мангас лугаа адилаар Сабрагийн гэнэхэн сэтгэлд бууж байв. Хархорины салан нийлж сүлжилдсэн нарийхан гудамж, сүрлэг сайхан сүм дуган, хаад ноёдын орд харш, бужигнасан олон хүн дунд толгой эргэж, сүрдэн балмагдсан хөдөөгийн залуус нэг нэгнээсээ хоцрохгүйг хичээж Хиарахайн тугийг даган хатируулсаар нэгэн навтгар урт байшингийн өмнө ирэв. Тэр байшингийн дээгүүр төвшин амгалан сүм паалатай шавар ханаа гялталзуулан сүндэрлэнэ. Түүннй баруун этгээдэд бас нэг том орд Сүндэрлэх бөгөөд наагуур нь жижиг сажиг хашаа байшин, хааны хишигтэн цэргүүдийн морины жүчээ харагдана. Навтгар байшингийн өмнөх эргэн тойронд мод эмжин тарьсан талбай дээр залуус мориноосоо бууж хөлийнхөө чилээг гаргав.

Хааяагүй цэргийн улсууд харагдах бөгөөд энгийн хүн тоотойхон үзэгдэнэ. Гоё ганган хувцастай, сайн чанарын хуяг дуулгатай хишигтэн цэргүүд модны сүүдэрт үе үе үззгдэж энгийн цэргүүдийг дээрэнгүй маягаар ширвэн замдаа санамсаргүй дааралдвал түлхэж журамлана. Гудамжны үзүүрээс бие хамгаалагч бараа бологчдоо дагуулсан цэргийн ноёд сүр бадруулан давхин ирж навтгар байшинд ороход талбай дээр цугласан эрчүүд нэгэн зүйл тушаал авсан мэт тэр зүг гайхан ширтэнэ. Удалгүй ноёны хиа жүчээ уруу орж мордоод бадриун эрийг дагуулан давхиж ирэв. Тэд түүнийг дарангуйлагч болов уу гэж тааж байв. Тэр дарангуйлагч зуутын дайчдыг инээмсэглэн хараад,

— Минии хойноос хатираад гээд Хиарахайтай мөр зэрэгцэн талбайгаас гарч гудамж уруудан хөдлөв. Нэлээд цогиултал хашаа байшин цөөрч хотын захад гарав. Хотын захын айлуудыи нохой тэднийг даган хуцаж боорлоно. Хурга ишгээ хариулж яваа хүүхдүүд тэднийг атаархангуй ширтэн үднэ. Ноорхой муу хувдастай, хуруу хөл нь ицхуйсан хатангир туранхай шөвгөр хар царайтай хэсэг хүн газар ухаж дайралдсан Хитаны олзлогдогсод бололтой. Цэргүүд жагсаалаар давхисаар Орхон голын цаачим хадан эрэгтэй тохойд ирсэн нь шинэ түмтийн шивээ байв. Бургас модтой голын эргийн шүүслэг ногоон ширэг дээр өнгө өнгийн майхан жодгор алаглан босож, цэрэг эрчүүд сүлжилдэн бужигнаж, хоол цай чанах нь чанаж, юмаа оёх нь оёж, зарим нь зэр зэвсгээ янзлаж сэлбэж, майхныхаа сүүдэрт сууж харагдана.

Голын эрэг дээр угааж дэлгэж тавьсан нь өчнөөн өмд морио усалж буй цэргүүд голын эрэг даган норсойно. Нар дээр хөөрч халуун болж байв. Цуваа цэрэг голын харгилах чимээ сонсож, зөөлөн ширгэн| дээгүүр тэшүүлэх мэт давхисаар мянганы ноёны том хөх асрын гадна ирэхэд мянганы ноён зумба шадар цэргүүдээ дагуулан угтан гарч ирэв.

— За сайн морилж ирцгээв үү? Хаанахын зуут вэ гэж мэндийн хариу авалгүй лавлахад ноёны хиатантай зэрэгцэн ирсэн дарангуйлагч мориноосоо шалмаг бууж, ногоон зүлгэн дээр сөгдөж,
— Улаанчулуун дахь Баянлиг баатрын харьяатаас ирсэн цэргүүд. Цэргийн яамны түмт үүсгэгч Төмөр ноён танай хуваарьт явуулав гэж өчив.
— За мянгат маань бүрдэж л байна. Баянлиг баатарт зоригт хөвгүүдийг би мэдэлдээ авлаа. Хаданчигай ноёны мянгатад багтлаа гэдгийг эцэг эздэд нь нь сонсгоорой гээд цэргүүдэд
— Энэ баруун талд байрла. Морьдоо амраа. Өөрсдөө амарцгаа. Маргааш дүршэмлэнэ гэж ногоон зүлгийг заав. Халууцаж ядарсан хөвгүүд сая нэг дөрөө мултлан, хүнд хуяг дуулганаасаа хагацаж хөшсөн биеэ амраав.

No comments:

Post a Comment